“Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил-2016” нээлттэй өдөрлөг болно

“Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил-2016” нээлттэй өдөрлөг болно

      Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монголд интернэтийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ой тохиож буй 2016 оныг угтан тус газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор төр, бизнесийн төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, ахмадуудыг оролцуулан жил бүр зохион байгуулдаг салбарын нээлттэй өдөрлөгийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.

Интернэтийн үйлчилгээ Монгол Улсад анх нэвтэрснээс хойш 20 жилийн хугацаанд манай салбар мэдээллийн технологи, интернэтийн ололт, давуу талыг ашиглан цаг хугацаа хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, шинэ төрлийн ажлын байр бий болгох, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, чанарыг дээшлүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт авчирлаа.

Интернэт хэрэглэгчдийн тоо 2010 онд 199.8 мянга байсан бол 2014 он гэхэд 1.9 сая болж, интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор “Тоон эдийн засаг”-ийн орчин Монгол Улсад бүрдэж эхэлж байна. Үүний жишээ нь сошиал медиагаар дамжин нийгмийн харилцааны шинэ хэлбэр бүрэлдэж, бүх төрлийн банк, санхүүгийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжин цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээ авч, гар утаснаасаа интернэтээр хоол захиалан, такси дуудаж, хүүхдээ цэцэрлэг дээрээ хэрхэн байгааг шууд хянадаг болоод байна. Шинэ хэрэглээ үүссэнтэй холбогдон шинэ хэрэглээний соёлыг бүрдүүлэх, түүний аюулгүй байдлыг хангах зэрэг сорилтууд бидний өмнө тулгараад байна.

Тухайлбал Монгол Улсад оюуны өмчийг хууль бусаар тараах, интернэт луйвар, цахим шуудангийн луйвар, бусдын нэр төрийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах, секс сүрдүүлэг, бага насны хүүхдийн садар самуун материал, зохисгүй агуулгатай мэдээлэл түгээх зэрэг төрлийн гэмт хэргүүд бүртгэгдсэн байгаагаас 2014 онд интернэт луйварт хохирсон 4, секс сүрдүүлэгт орсон 32 хохирогч бүртгэгдсэн байна. Мөн банк санхүү, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, төрийн мэдээллийн систем зэрэг онц чухал дэд бүтцэд ирэх кибер халдлага өссөөр байна. Гэвч эдгээр нь зөвхөн бүртгэгдсэн хор хохирлын тоо, хэмжээ бөгөөд их хэмжээний эрсдэл болон хохирол бүртгэгдээгүй, далд хэлбэртэй байх өндөр магадлалтай юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Глобал кибер аюулгүй байдлын индекс 0.412 буюу дэлхийн дундаж хэмжээнд байгаа ба цаашид кибер орчин дах эрсдэлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага бидэнд үүсээд байна. Иймд тус газраас 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарлаж нийт иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, оюуны өмчийг цахим орчинд хамгаалах, интернэтийн зохистой хэрэглээг олон нийтэд таниулах, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлүүдээр дэвшил гаргах зорилт тавин шийдвэрлэх саналаа нийт салбарын төлөөлөгчиддөө танилцуулах ба хамтран ажиллахыг уриалж байна.

Иймд мэдээлэл, харилцаа холбооны салбарын бизнес эрхлэгчид, их сургууль, төр ба төрийн бус байгууллага, хэрэглэгчдийн төлөөлөл та бүхнийг тус нээлттэй өдөрлөгт оролцохыг урьж байна.
 

Эх сурвалж: http://itpta.gov.mn/new/?p=8741