Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 2-р сарын 26-ны өдөр Enterprise Tech арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 2-р сарын 26-ны өдөр Enterprise Tech арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

      Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 2-р сарын 26-ны өдөр Enterprise Tech нэртэй арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн жилийн 12 сараас эхлэн бэлтгэл ажилдаа ороод нийт ажлын дийлэнхийг нугалаад байна. Энтерпрайз технологийг зохистой хэрэглэвэл том компаниуд үйл ажиллагааны зардлаа бууруулах, хяналтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг авч болдог. Эдгээр боломжуудыг топ 100 аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллага, төрийн байгууллагуудад танилцуулах зорилгоор энэхүү Enterprise Tech арга хэмжээг зохион байгуулж байгаа болно.

       Энэ төрлийн арга хэмжээ урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд үүнийг зохион байгуулсанаараа манай салбарынханы хувьд нэгэн түүхэн хуудас нээх чухал үйл явдал гэж бат итгэдэг. Цаашид мэдээллийн технологийн хэрэглээг дэмжих, бизнесийнхэнд ойлгуулах, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад мэдээллийн технологи хэрхэн нөлөө үзүүлдэгийг нотлоход Enterprise Tech арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ.

      Арга хэмжээний хүрээнд энтерпрайз системүүдийн хөгжлийн чиг хандлага, Монголд тулгамдаад байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, орчин үеийн шийдлийн талаар ярихаас гадна зөөлөн дэд бүтэц болох платформууд, мэдээллийн аюулгүй байдал, хөдөлгөөнт холбооны шийдлүүд, энтерпрайз системийг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд ямар үүрэг гүйцэтгэдэг зэрэг олон талын оролцоог хамруулсан цогц мэдээллийг бизнес эрхлэгчидэд хүргэх чуулган болно. Чуулганы хажуугаар энтерпрайз технологийн шилдэг үйлдвэрлэгчид, компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах экспо арга хэмжээ зохион байгуулагдахаараа онцлог бөгөөд олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдийг нэг дор харьцуулан үзэж, худалдан авалтын шийдвэрээ гаргахад нь бизнес эрхлэгчдэд туслах зорилготой юм.

     Нэг өдрийн арга хэмжээгээр бизнес эрхлэгчид энтерпрайз технологийн талаар бүхий л талын мэдээллийг авч чадахгүй тул чуулганы үеэр яригдаагүй орхигдсон асуудал, шинэ соргог мэдээллийг агуулсан Enterprise Tech сэтгүүлийг арга хэмжээний нийт оролцогсод болон томоохон бизнесийн байгууллагуудад үнэ төлбөргүй тараах болно. Мөн энэ сэтгүүлээ вэбсайт дээрээ байрлуулна.

Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Enterprisetech: https://www.facebook.com/enterprisetechmn/
E
VENT: https://www.facebook.com/events/1123908404293736/