Уламжлалт бизнесээс Ухаалаг бизнес рүү...

Уламжлалт бизнесээс Ухаалаг бизнес рүү...

          ERP буюу Enterprise Resource Planning систем нь аж ахуй нэгжид зайлшгүй байх ёстой зүйлийн нэг болжээ. Бидний ихэнх нь өнөөдөр гар утасгүйгээр, интернетгүйгээр ажлаа амжуулах боломжгүй болсонтой нэгэн адил технологийн дэвшилд суурилсан ERP систем байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй үргэлжлүүлэхэд тусалдаг.
 
Үүний ачаар бизнес зардлаа хэмнэж, хэрэглэгчдэдээ илүү таатай үйлчилгээ үзүүлж, менежерүүдэд бизнес нь хэрхэн өрнөж буйг байнга хянах боломж олгожээ. Мэдээж хэрэг ERP систем өндөр үнэтэй, яг өөрийн бизнест тохирсон төрлийг олж, өөрсдөдөө тохируулахад хугацаа их ордог.
 
Зарим тохиолдолд буруу хөрөнгө оруулалт болж, өмнөхөөс нь дордуулах тохиолдол ч бий. Гэхдээ үүний гол шалтгаан нь ERP систем өөрөө биш харин хэрхэн суурилуулсан, зөв сонголт хийсэн эсэхтэй холбоотой.

         Учир нь багадсан гутал ч тэр, томдсон гутал ч тэр хөл холгоно. Мэдээж хэрэг шинэ гутал хөл холгодог учраас хүн эхлээд тоохгүй. Гэвч таарсан гутал хэдхэн хоноод хөлд хэвшдэг байхад томдсон, багадсан гутал таардаг болно гэж байхгүй.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир “ERP системийг хослолтой зүйрлэж болох юм. Зах зээл дээр байгаа шийдэл бүрээс өөрт тохирохыг сонгоод, дараа нь түүнийгээ суурилуулахдаа засаж, янзлахыг нь янзлаад зөвхөн тухайн компанидаа тохирсон тийм системийг бий болгох хэрэгтэй” гэсэн юм.

 Харин оронд нь шинэ, шинэ технологийн дэвшлийг өөртөө агуулах болжээ

       ERP системд Хүний нөөц, Санхүү, Үйлдвэрлэл, Үйлчилгээ, Ханган нийлүүлэлт, Худалдаа гээд олон төрлийн үйл ажиллагааг хялбарчлах програм хангамжийн шийдэл бий. Орчин үед бизнес хийх арга барилд өөрчлөлт орж, өмнөхөөсөө илүү ухаалаг байдлаар явахаас өөр аргагүй болсон.

Тийм ч учраас өөрийн бизнестэй холбоотой орж ирж байгаа бүхий л мэдээллийг цуглуулж, зөв дүн шинжилгээ хийж, үүн дээрээ үндэслээд зөв шийдвэр гаргах нь цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг заана.

 
Энэ төрлийн системийг үйлдвэрлэгчид дэлхийд тэргүүлэгч 100 компанийн үйл ажиллагааг удирдаж чадахаас эхлээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүртэл тохиромжтой олон төрлийн програмыг үйлдвэрлэдэг.
 
Гэтэл Ж.Тамирын хэлснээр ERP системийг ашиглаж эхэлж байхдаа компаниуд гаргадаг нийтлэг алдаа байдаг аж. Тэр нь үр дүнг нь харах гэж хэтэрхий яарах, эргээд системээ сайжруулах ажил хийдэггүй, буруу систем сонгох зэрэг юм.

      Учир нь ERP систем үр ашгаа өгөхийн тулд жил гаруй, хоёр жил хүртэл хугацаа орох тохиолдол ч байдаг юм байна. Дээрээс нь байнгын арчилж тордож, сайжруулж байхгүй бол систем доголдож, таныг буруу шийдвэр гаргахад ч хүргэж болох юм.

Сонирхолтой нь ERP системийн хөгжил тун алгуурхан явагддаг. 1990-ээд оноос хэрэглэгдэх болсон энэ систем өнөөдрийг хүртэл тэгтлээ өөрчлөгдсөнгүй. Харин оронд нь шинэ, шинэ технологийн дэвшлийг өөртөө агуулах болжээ.

Жишээлбэл өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд “Mobile ERP” буюу хөдөлгөөнт, “Cloud ERP” буюу үүлэн тооцоололд суурилсан технологийг ашигладаг болсон байна. Үүний шалтгаан нь ажилчид, удирдах албан тушаалтнууд өөрийн бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй мэдээллийг хаана ч байсан хамаагүй байнга хянаж байхыг хүсдэг болжээ.

Түүнчлэн нийгмийн сүлжээний сайтууд хүчээ авахын хэрээр ERP системийг үүнтэйгээ холбох боломжтой болсон байна. Үүний ачаар хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар байгааг судлах боломж бүрджээ.

Өнөөдөр Монголд ERP систем хөгжүүлж буй хэд хэдэн компани бий. Жишээ дурдвал Asterisk Technologies, Interactive, IT Zone зэрэг компаниуд юм. Монголдоо үйлдвэрлэж байгаа учир хэд хэдэн давуу талтай. Үнийн хувьд гаднын системүүдээс хямд, эргээд засвар, үйлчилгээ хийхэд хялбар зэргийг дурдаж болно.

ERP технологийг зохистой хэрэглэвэл том компаниуд үйл ажиллагааны зардлаа бууруулах, хяналтаа сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог учир компаниудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, энэ төрлийн систем үйлдвэрлэгчидтэй холбож, зуучлах зорилгоор Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хоёрдугаар сарын 26-ны өдөр “Enterprise Tech” үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Энэхүү үйл ажиллагааны давуу тал нь хэрэглэгчид ERP системийн тухай нэгдсэн ойлголттой болохоос гадна, зах зээл дээр байгаа технологиудтай нэгэн зэрэг танилцаж, харьцуулалт хийх боломжтой юм.

Эх сурвалж: gogo.mn