Мэндчилгээ

Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье

Мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Програм хангамжийн салбарын гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд энэ үүргээ бид хариуцлагатай хэрэгжүүлж чадвал улс орны хөгжлийг урагшлуулагч, бүтээгч салбар байж, дэлхийн зах зээлээс орлогын урсгалыг бий болгох боломж бид бүхний өмнө нээлттэй байна.

Өнөөдөр дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө үндэсний компаниуд  хичээн ажиллаж байгаа ч манай салбарын компаниуд, мэргэжилтнүүд бидний өмнө өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэх, үйлдвэрлэлийн процессыг хэвшүүлэх, дэлхийн жишигт нийцсэн салбарын стандартыг бий болгох, олон улсын чанарын шаардлагын түвшинд хүрч ажиллах асуудал тавигдсаар байна.

Иймээс Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн компаниудын чадавхийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах бөгөөд хэрэглэгч, харилцагч, гишүүдийнхээ хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг дээшлүүлж, компаниудынхаа, салбарынхаа, цаашлаад улс орныхоо хөгжлийн томоохон хүч байхын төлөө ажиллах болно.  

Ингээд, бид бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ойлголцол, нэгдэл нягтралын үр дүнд Монголын програм хангамжийн салбар түргэн хурдацтай хөгжиж, дэлхийд танигдана гэдэгт би бүрэн итгэж байна. 

Та бүхний ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч

Ж.Тамир