Дүрэм, журам

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /цаашид Холбоо гэх/ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль, тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хүрээнд
үйл ажиллагаа явуулах, Монголын Програм хангамжийн салбарыг хөгжүүлэх, Програм хангамжийн салбарын үйлдвэрлэгчдийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үндсэн зорилго бүхий сайн дурын, гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус зорилготой, төрийн бус байгууллага мөн.
1.2. Холбооны оноосон нэр:

A. Монголоор: “Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”
B. Англиар: “Mongolian Software Industry Association”
C. Товчилсон нэр нь: Монголоор “МОСА”, Англиар “MOSA” гэнэ.

1.3. Холбооны байршил: Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 207 тоот.
1.4. Холбоог үүсгэн байгуулсан 2007 оны 01-р сарын 15-ны өдрийг МОСА ТББ-ын үүсгэн байгуулагдсан өдөрт тооцно.

1.5. Холбоо нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
1.6. Энэхүү дүрмийн зорилго нь Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж зохицуулахад оршино.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1. Алсын хараа:

Үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийн чадавхийг олон улсын түвшинд хүргэж, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн хурдасгуур нь байна.

2.2. Эрхэм зорилго:

Холбоо нь Монгол Улсын програм хангамжийн үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэх, Монгол Улсын Програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах.

 

2.3. Зорилтууд:

2.3.1. Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалан ажиллах;

2.3.2. Гишүүдийнхээ хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох;

2.3.3. Гишүүдийнхээ чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах;

2.3.4. Салбарын харилцагч нарт чиглэгдсэн хэрэгцээт мэдээллийн нэгдсэн баталгаат эх сурвалжийг бий болгох; 

2.3.5. Салбарын статистик мэдээлэл бий болгох;

2.3.6. Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох;

2.3.7. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.3.8. Салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх;

2.3.9. Салбарын үйл ажиллагааг дотоодод болон олон улсад таниулан, сурталчлах;

2.3.10. Холбооны тогтвортой үйл ажиллагаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.

2.4. Үйл ажиллагааны зарчим:

2.4.1. Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхолыг дээдлэхгүй.

2.4.2. Улс төрийн нам, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхолыг хөхүүлэн дэмжихгүй.

2.4.3. Холбоо нь шашины үйл ажиллагаанаас татгалзах.

2.4.4. Хүний эрхийг хүндэтгэж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.

2.4.5. Холбооны засаглал, үйл ажиллагаа нь ардчилсан шударга, нээлттэй, ил тод байж, гишүүд хоорондын болон харилцагч байгууллага, нийгмийн олон талт хамтын ажиллагаанд харшлахгүй байх.

2.4.6. Холбооны ажлын үр дүнг гишүүд, дэмжигчдэд эргэж тайлагнадаг байх.

2.4.7. Холбооны гишүүд эв нэгдэл, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурийг эрхэмлэх.

2.4.8. Холбооны гишүүд нээлттэй хэлэлцүүлэг, хамтын шийдвэрийг удирдлага болгох.

2.5. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

2.5.1. Монгол Улсын програм хангамжийн салбарын хөгжлийн таатай орчинг бий болгон, гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, нэгдсэн бодлогоор дэмжин, дотоодод үйлдвэрлэгдсэн програм хангамжийн бүтээгдэхүүнийг дотоод зах зээл дээр давамгайлах болон олон улсын зах зээл дээр гаргахад дэмжлэг үзүүлэх.

2.5.2. Програм хангамжийн талаарх нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, тэднийг тасралтгүй хөгжих бололцоог бий болгох.

2.5.3. Програм хангамжийн чиглэлээр төрийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, эрх зүйн хүрээнд гишүүн байгууллагуудын туршлага, мэдлэгт суурилан зөвлөмж гаргах.

2.5.4. Програм хангамжийн шинэ, дэвшилтэд технологийн судалгааг хийж, дотоодын дэд бүтэц, улс орны мэдээллийн технологийн нөхцөлд тохирох шийдлүүдийг сурталчилах, мэдээллийн харьцуулалт хийж олон нийтэд түгээх, мэдээллэх.


2.5.5. Улс орны хэмжээнд хэрэглэгдэж буй нэр томьёо, стандартуудыг нарийвчлан тодорхойлж, програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийг чадавхижуулж, нийтлэг ойлголтуудыг нарийвчлан түгээх, нэвтрүүлэх, хэвшүүлэх.

2.5.6. Олон улсын үйл явдал, сургалт, хамтарсан төсөл хэрэгжүүлж гадаадын орнуудын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй үзэл бодол, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох замаар Холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, гишүүдэд түнш байгууллагуудыг олоход туслах.

2.5.7. Гишүүд болон сонирхогч байгууллага, хувь хүмүүст шаардлагатай байгаа сургалтуудыг тогтмол явуулж, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, нөхөрсөг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах замаар салбарыг хөгжүүлэн чадавхижуулах.

2.5.8. Уулзалтуудыг зохион байгуулах, түүнд оролцох замаар гишүүд хоорондоо бизнесийн холбоо тогтоох, бизнесийн санал мэдээллээ олон улсын хэмжээнд солилцох, бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа дэлхийд нэр хүндтэй байгууллага, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлээр сургалт семинарт оролцох боломжоор хангах.

2.5.9. Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг олгох, улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүдийг тогтмол хэрэгжүүлэх.

2.5.10. Холбоо нь жил бүр уриалга, хөтөлбөрт ажлуудыг үйл ажиллагаандаа чиглэл болгон төлөвлөж ажиллана. Жил бүрийн үйл ажиллагаа нь тухайн уриалга, хөтөлбөрийн хүрээнд нарийн зохион байгуулагдаж, төлөвлөгдөж олон нийтэд нээлттэй байдлаар явагдана.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

3.1. Холбоо нь өөрийн өмчлөлийн хөрөнгө, бие даасан тайлан тэнцэлтэй байх бөгөөд банкинд төгрөгийн болон валютын данс нээх эрхтэй.

3.2. Тамга, тэмдэг, бэлэгдэл, далбаа, албан бичгийн хуудас болон адилтгах бусад хэрэгсэлтэй байна.

3.3. Холбоо нь өөрийн эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд гэрээ, хэлцэл байгуулах, эд хөрөнгийн болон бусад эрхийг олж авах эрхтэй.

3.4. Холбоо нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, олон улсын байгууллага, холбооны гишүүн байх эрхтэй.

3.5. Холбоо үйл ажиллагааныхаа гол чиглэлээр бүтцийн нэгж, дэргэдээ сонирхлын клуб байгуулж болно.

3.6. Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй тохиолдолд холбооны үйл ажиллагаанд төрийн, төрийн бус болон бусад байгууллагууд хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Энэ нь салбарын бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудаас төлөөлөл болж, Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоход хамаарахгүй.

3.7. Холбоо нь өөрийн хүлээсэн үүргийг өмч хөрөнгөөрөө хариуцна. Гишүүдээс холбооны өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө түүний өмч байна.

3.8. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ажилтан, гишүүдийн хууль бус ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хариуцахгүй.

3.9. Дотоодын болон гадаадын хуулийн этгээдтэй хамтрах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх нээлттэй ба Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд уг үйл ажиллагааг явуулна.

3.10. Холбоо нь өөрийн нэрийн өмнө үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, эрхийг худалдах худалдан авах эрхтэй.

3.11. Холбоо нь өөрийн зорилго, үйл ажиллагаа, ашиг сонирхол нэг дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, эвсэл холбоонд гишүүнээр элсэх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд төлөөлүүлэх эрхтэй.

3.12. Холбооны дээд шагнал нь хувь хүнд “Тэргүүний программист”, компанид “Тэргүүний компани”,  хүндэт медаль нь “Манлай программист”, “Манлай компани” байна.

3.13. Холбоо нь өөрийн хэвлэлтэй байж болно.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

ГИШҮҮНЧЛЭЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЭРХ ҮҮРГИЙН ХАРИУЦЛАГА

4.1. Гишүүнчлэл:

4.1.1. Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн Програм хангамжийн үйлдвэрлэл эрхлэгч компани, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг болон харилцагч байгууллага, хувь хүн сайн дураар гишүүнээр элсэнэ.

4.1.2. Гишүүд нь холбооны дүрмэнд заасан эрх үүргийн дагуу аливаа үйл ажиллагаанд оролцдог бөгөөд гишүүнчлэлийн төрөл, зэрэглэлээс хамаарч гишүүдийн эрх, үүрэг нь харилцан адилгүй байна.

4.1.3. Удирдах зөвлөл нь Холбооны гишүүнчлэлийн журмыг батлах ба энэхүү журмаар Гишүүнчлэлийн зэрэглэлийг тодорхойлж, тухайн зэрэглэлд ноогдох гишүүнчлэлийн татвар, эрх үүргийг зохицуулна.

4.1.4. Холбооны гишүүнчлэл нь үндсэн хоёр хэлбэртэй байна. Үүнд:

4.1.4.1. Жинхэнэ гишүүн;

4.1.4.2. Хувь хүний гишүүн;

4.1.4.3. Дэмжигч гишүүн.

4.2. Жинхэнэ гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

4.2.1. Эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

4.2.2. Бүх гишүүдийн хуралд энэ дүрмээр тогтоосон саналын эрхтэйгээр оролцож Ерөнхийлөгчийг болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, сонгогдох, Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх эрхтэй.

4.2.3. Холбоонд болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өргөх эрхтэй.

4.2.4. Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд эн тэргүүнд, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.2.5. Холбооны танилцуулга, цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан, таниулах эрхтэй.

4.2.6. Холбооны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах эрхтэй.

4.2.7. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт хөнгөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.2.8. Удирдах зөвлөлөөс баталсан Гишүүнчлэлийн журмын дагуу гишүүний татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй.

4.2.9. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах үүрэгтэй.

4.2.10. Энэхүү дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөхийн зэрэгцээ холбооноос зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцож, аливаа үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

4.2.11. Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах үүрэгтэй.

4.2.12. Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

 

4.3. Хувь хүний гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

4.3.1. Эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

4.3.2. Бүх гишүүдийн хуралд энэ дүрмээр тогтоосон саналын эрхгүйгээр оролцож Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох, Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх эрхтэй.

4.3.3. Холбоонд болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өргөх эрхтэй.

4.3.4. Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд эн тэргүүнд, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.3.5. Холбооны танилцуулга, цахим хуудсанд өөрийн танилцуулгыг байрлуулах эрхтэй.

4.3.6. Холбооны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах эрхтэй.

4.3.7. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт хөнгөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.3.8. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах үүрэгтэй.

4.3.9. Энэхүү дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөхийн зэрэгцээ холбооноос зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцож, аливаа үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

4.3.10. Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах үүрэгтэй.

4.3.11. Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

4.4. Дэмжигч гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

4.3.1. Холбоонд болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өргөх эрхтэй.

4.3.2. Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.3.3. Холбооны танилцуулга, цахим хуудсанд өөрийн танилцуулгыг байрлуулах эрхтэй.

4.3.4. Холбооны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах эрхтэй.

4.3.5. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт хөнгөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.

4.3.6. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах үүрэгтэй.

4.3.7. Энэхүү дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөхийн зэрэгцээ холбооноос зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцож, аливаа үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

4.3.8. Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах үүрэгтэй.

4.3.9. Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

ТАВДУГААР ЗҮЙЛ

ГИШҮҮНЭЭР ЭЛСҮҮЛЭХ, ХАСАХ, ХӨӨХ

5.1. Гишүүнчлэлд бүртгэх:

5.1.1. Холбооны гишүүн болохыг хүсэгч нь холбооны байранд өөрийн биеээр ирж, эсвэл холбооны албан ёсны цахим хуудсанд байрлуулсан гишүүний бүртгэлийн маягтыг бөглөснөөр бүртгэлд хамрагдана. Бүртгэлд хамрагдсан гишүүнийг холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

5.1.2. Гишүүнээр бүртгүүлэхэд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд Гишүүнчлэлийн журамд заасан материалыг бүрдүүлж өгнө.

5.2. Гишүүнчлэлээс хасах:

5.2.1. Дор дурдсан нөхцөлд холбооны гишүүнчлэлээс хасаж, холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг ажлын алба ажлын 3 хоногт багтаан хийж, гишүүдэд мэдээллэнэ. Үүнд:

5.2.1.1. Гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь төлөөгүй;
5.2.1.2. Гишүүн өөрөө гарах хүсэлтээ бичгээр гаргасан;
5.2.1.3. Холбооны үйл ажиллагаанд идэвхгүй оролцох, оролцохоос зайлсхийж байна гэсэн дүгнэлтийг удирдах зөвлөлөөс гаргасан;
5.2.1.4. Нас барсан, эсвэл ноцтой гэмтэл бэртэл авсан;
5.2.1.5. Хуулийн этгээд, эсвэл байгууллага татан буугдсан, дампуурсан тохиолдолд.

5.3. Гишүүнчлэлээс хөөх:

5.3.1. Холбооны гишүүн нь доорх заалтын аль нэгийг зөрчсөн тохиолдолд бүх гишүүдийн хурлаар нийт саналын эрхийн 4-ний 3-аас дээш саналаар хөөх болно. Үүнд:

5.3.1.1. Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрэм, эсвэл түүнд нийцүүлэн гаргасан бусад журмыг зөрчсөн;
5.3.1.2. Холбооны нэр төрд хохирол учруулсан, холбооны дотоод нууц мэдээ, мэдээллийг задруулсан, мөнгө санхүүгийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, эсвэл тус байгууллагын зорилгын эсрэг үйлдэл хийснийг удирдах зөвлөл шалган тогтоосон.

5.3.2. Холбооны гишүүнийг хөөх тохиолдолд, өөрт нь урьдчилан бичгээр мэдэгдэж энэ асуудлыг хэлэлцэх хуралд биеэр оролцон тайлбар өгөх боломжоор хангана.

5.4. Холбооны гишүүн нь холбооны гишүүнчлэлээс хасагдсан, хөөгдсөн тохиолдолд гишүүний татвар, хандивыг буцаан олгохгүй.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА

6.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх ба бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт түүний эрх удирдах зөвлөлд шилжинэ.

6.2. Холбооны үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөл бүх гишүүдийн хуралд тайлагнана.

6.3. Бүх гишүүдийн хурлыг Ерөнхийлөгч эсвэл түүний эрх олгосон холбооны удирдах албан тушаалтан удирдан явуулна.

6.4. Бүх гишүүдийн хурлаар Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг 2 жил хүртлэх хугацаагаар сондгой тооны бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.

6.5. Бүх гишүүдийн хурлаар Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд нь холбооны дүрмийн хэрэгжилтийн биелэлтийг нийт гишүүдэд тайлагнах дээд хэмжээний албан ёсны үйл ажиллагаа байна.

6.6. Бүх гишүүдийн хурал нь жилд дор хаяж нэг удаа хуралдах ба бүх гишүүдийн хурлыг Ерөнхийлөгч санал болгосны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хугацааг товлон хуралдуулна.

6.7. Холбооны гишүүдийн ердийн олонх (50%+1) нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

6.8. Бүх гишүүдийн хуралд албан ёсоор холбоонд элсэж, тухайн жилийн гишүүнчлэлийн татвараа төлсөн жинхэнэ гишүүн бүр нэг саналын эрхээр оролцоно.

6.9. Бүх гишүүдийн хурал нь санал хураалт явуулж, хэлэлцэж буй асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхийлөгч нэг санал нэмж өгөх эрхтэй байна.

6.10. Дор дурдсан асуудлыг зөвхөн Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ:

6.10.1. Холбооны дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.10.2. Холбооны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөний тайлан ба орлого, зарлагын тайланг хэлэлцэх;
6.10.3. Холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, дахин сонгох, чөлөөлөх;
6.10.4. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах болон үлдэгдэл хөрөнгийг хуваарилах;
6.10.5. Холбооны гишүүнийг хөөх;
6.10.6. Хяналтын алба байгуулах, татан буулгах;
6.10.7. Холбооны хөрөнгө, хуримтлагдсан ашгийн асуудал, зээлийн талаар хэлэлцэх;
6.10.8. Бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлэхээр Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудал.

6.11. Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө бүх гишүүдэд хүргэсэн байна.

6.12. Бүх гишүүдийн хурлын дэгийг тухайн хуралдаанаас тогтооно.

ДОЛООДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ БҮТЭЦ, АЛБАН ТУШААЛЫН НЭР ТОМЪЁО

7.1. Холбооны бүтэц:

7.1.1. Холбооны бүтцийг удирдах зөвлөлийн хуралд оролцсон нийт гишүүдийн 70 –аас дээш хувийн саналаар батална.

7.1.2. Холбооны гүйцэтгэх захиргааны бүтцийг удирдах зөвлөлөөс батлана.

7.2. Албан тушаалын нэр томъёо

7.2.1. “Бүх гишүүдийн хурал” гэдэгт холбооны эрх барих дээд байгууллагыг;

7.2.2. “Удирдах зөвлөл” гэдэгт бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт эрх барих дээд зөвлөлийг;

7.2.3. “Ерөнхийлөгч” гэдэгт холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;

7.2.4. “Удирдах зөвлөлийн гишүүн” гэдэгт удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;

7.2.5. “Хороо” гэдэгт холбооны 5-аас доошгүй гишүүдийн үүсгэл санаачлагын дагуу Холбооны зорилго, зорилт, зарчим, үндсэн үйл ажиллагаанд нийцэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий Холбооны албан ёсны нэгжийг;

7.2.6. “Гүйцэтгэх захиргаа” гэдэгт удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын албыг;

7.2.7. “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа удирдах зөвлөлөөс томилогдсон орон тооны албан тушаалтныг,

НАЙМДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

8.1. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны эрх барих дээд байгууллага 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл байна.

8.2. Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олохийн саналаар 2 жилийн хугацаатай сонгоно. Нэг гишүүн нэг удаа улиран сонгогдож болно.

8.3. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь өөрийн танилцуулгыг 5-аас доошгүй хоногийн өмнө бүх гишүүдэд цаасаар эсвэл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

8.4. Удирдах зөвлөлийг Ерөнхийлөгч даргална.

8.5. Удирдах Зөвлөл хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудаараа Тогтоол гаргана.

8.6. Удирдах Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан тогтоол, нууц санал хураалтын тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах тогтоолын талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргах эрхтэй.

8.7. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байх бөгөөд шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагч нэг санал нэмж өгөх эрхтэй.

8.8. Удирдах зөвлөл нь 2 сар тутамд 1 удаа хуралдах бөгөөд тухай бүр хурлын тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг Ерөнхийлөгч санал гарган хуралдуулж болно.

8.9. Холбооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй.

8.10. Удирдах зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:

8.10.1. Холбооны бодлого, хэтийн төлөв, стратегийг тодорхойлох;

8.10.2. Бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

8.10.3. Стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлах;

8.10.4. Хороог манлайллаар хангах;

8.10.5. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;

8.10.6. Холбооны гишүүнчлэлийн журам болон бусад хууль, тогтоомж, дүрэмтэй нийцүүлэн дотоод журмыг боловсруулж, батлан мөрдүүлэх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

8.10.6. Бүх гишүүдийн хуралд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах;

8.10.7. Тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсвийг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих;

8.10.8. Гишүүнчлэлийн журмыг шинэчлэх, холбооны гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, өөрчлөх;

8.10.9. Холбооны зорилго, зорилт, үйл ажиллагаанд нийцүүлэн хороодыг батламжлах, өөрчлөх, татан буулгахд

8.10.10. Гүйцэтгэх захиргааны орон тоо болон төсвийг батлах;

8.10.11. Гүйцэтгэх захиргаа буюу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, халах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;

8.10.12. Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

8.10.13. Санхүүгийн бодлогыг боловсруулах, батлах;

8.10.14. Холбооны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих;

8.10.15. Холбоог олон нийт, төрийн байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;

8.10.16. Хөрөнгө, санхүүжилт босгох үйл ажиллагааг удирдах;

8.10.17. Гүйцэтгэх захиргааны журмыг батлах;

8.10.18. Өөрсдийн хариуцсан үйл ажиллагааг удирдан явуулах.

8.11. Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтан багтана. Үүнд:

8.11.1. Ерөнхийлөгч /Удирдах зөвлөлийн дарга/
8.11.2. Удирдах зөвлөлийн гишүүн /8 орон тоо байна/
 

8.12. Холбооны Ерөнхийлөгч нь холбооны удирдагч мөн. Ерөнхийлөгч дараах эрхийг эдэлнэ:

8.12.1. Холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, манлайлах;

8.12.2. Шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөл, бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

8.12.3. Удирдах зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, өөрчлөх, чөлөөлөх саналыг бүх гишүүдийн хуралд оруулах;

8.12.4. Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;

8.12.5. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах;

8.12.6. Холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах;

8.12.7. Гүйцэтгэх захиргааны ажилтнуудыг томилох, өөрчлөх, чөлөөлөх;

8.12.8. Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;

8.12.9. Гүйцэтгэх захиргаанд үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавих;

8.12.10. Холбооны салбар, төлөөлөгчийн газар, сонирхлын клубуудыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

8.12.11. Хөлсөөр ажиллах хувь хүн, байгууллагатай гэрээ байгуулах болон хуульд заасан бусад эрх.

8.13. Ерөнхийлөгчийг бүх гишүүдийн хурлаар нээлттэй санал хураалтаар сонгоно.

8.14. Ерөнхийлөгч нь 2 жил хүртэлх хугацаагаар сонгогдох бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно.

8.15. Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд зөвлөхүүдтэй байж болно.

8.16. Ерөнхийлөгчийг өөрийн санал болон удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-ын саналыг үндэслэн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хугацаанаас нь өмнө эрхийг түтгэлзүүлж болно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

9.1. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.

9.2. Удирдах зөвлөлийн хурал хоёр төрөл байна. Үүнд:

9.2.1. Ээлжит хурал:
Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2 сар тутам 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацааг байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна.
9.2.2. Ээлжит бус хурал:
Ээлжит бус хурлыг ерөнхийлөгчийн шийдвэрээр эсвэл удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.

9.3. Хурлын тов ба хэлэлцэх асуудал:

9.3.1. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.

9.3.2. Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд бичгээр саналаа өгч болох бөгөөд энэхүү саналыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, санал өгсөн Удирдах зөвлөлийн гишүүнийг хуралд оролцсонд тооцно.

9.3.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх (50%+1) нь удирдах зөвлөлийн хуралд оролцсон тохиолдолд тухайн хурлыг хүчинтэй гэж үзнэ.

9.4. Хурлын шийдвэр:

9.4.1. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар батална.

9.4.2. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

9.4.3. Удирдах зөвлөлийн шийдвэрийн санал тэнцсэн тохиолдолд Ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргана.

9.4.4. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө.

9.5. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл:

9.5.1. Хурлын тэмдэглэлийг Ерөнхий нарийн бичгийн дарга, түүнийг эзгүйд Ерөнхийлөгчийн томилсон этгээд хөтлөнө.

9.5.2. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ.

9.5.3. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

АРАВДУГААР ЗҮЙЛ

ХОРООД

10.1. Хороод нь гишүүдийн үүсгэл санаачлагаар Холбооны зорилго, зорилтын дагуу үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдана.

10.2. Хороо нь Холбооны албан ёсны нэгж байх бөгөөд Удирдах зөвлөлөөс баталсан эрхийн хүрээнд Холбоог төлөөлнө.

10.3. Хороо нь өөрийн дотоод бүтцээ бие даан боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулна.

10.4. Хороодын дарга нарын үүрэг:

10.4.1. Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захиргаатай нягт хамтран ажиллах.

10.4.2. Хороодын дарга нар хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзалтын хуваарийг боловсруулж удирдах зөвлөлд танилцуулдаг байна.

10.4.3. Хороодын гишүүдийг зохион байгуулж ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулж, Ерөнхийлөгчөөр батлуулдаг байна.

АРВАН НЭГДҮРЭЭГ ЗҮЙЛ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА БА ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

11.1. Гүйцэтгэх захиргаа:

11.1.1. Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны багаас бүрдсэн ажлын алба мөн.

11.1.2. Гүйцэтгэх захиргааг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.

11.2. Ерөнхий нарийн бичгийн дарга:

11.2.1. Гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа орон тооны дарга мөн. Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор удирдах зөвлөл томилно.

11.3. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг:

11.3.1. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх;

11.3.2. Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

11.3.3. Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай харилцаж ажиллах;

11.3.4. Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;

11.3.5. Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;

11.3.6. Удирдах зөвлөлийг болон холбооны гишүүдийг мэдээллээр хангах;

11.3.7. Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор ажиллаж, Удирдах зөвлөл, холбооны гишүүдтэй нягт хамтран ажиллах.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

12.1. Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтын эх үүсвэртэй байна.

12.2. Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно. Үүнд:

12.2.1. Гишүүдийн татвар;

12.2.2. Гишүүд болон гадаад, дотоодын иргэд, байгууллагаас өгсөн хандив;

12.2.3. Гадаад, дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн ажлын төсөв;

12.2.4. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

12.2.5. Байгууллагын бэлэгдэл бүхий бараа борлуулсаны орлого;

12.2.6. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсөв, донор байгууллага, Засгийн газрын тусгай сангаас олгосон хөрөнгө;

12.2.7. Бусад орлого;

12.3. Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд анхных нь бүртгүүлсэн өдрөөс эхэлж тухайн жилийн 12-рсарын 31-нд дуусна.

12.4. Холбооны Санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

ХОЛБООНЫ ЗАРЛАГА

13.1. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

13.2. Холбооны гадаад болон дотооддоо ажил гүйцэтгэх жишиг үнэ, програм хангамжийн төсөл гүйцэтгэх бодит зардлыг тогтоож, гишүүдэд танилцуулна.

13.3. Холбоо нь орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргээр ашиглахыг хориглоно.

13.4. Удирдах зөвлөлийн гишүүн болон ажилтан нь холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

13.5. Холбоо нь УИХурал, Ерөнхийлөгчийн болон ИТХурлын сонгууль, нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өгөхийг хориглоно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

ХОЛБООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

14.1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл Холбоо нь бусад байгууллагатай нэгдэн нийлэх, эсвэл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж болно.

14.2. Холбоог татан буулгах шийдвэрийг бүх гишүүдийн хурал /эрх барих дээд байгууллага/ гаргана.

14.3. Татан буугдахад зохих төлбөр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

14.4. Холбоог үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзсэн бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлийн дагуу татан буулгах буюу өөрчлөн байгуулж болно.

14.5. Татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

15.1. Бүх гишүүдийн хурлын олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

15.2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хороод болон гүйцэтгэх захиргаа боловсруулж, удирдах зөвлөлөөр хянуулсан байна.

15.3. Нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно.

15.4. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох байгууллагад 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захиргаа хариуцна.