Гишүүний давуу тал

Бид нэгэнт мэдээллийн технологи тэр дундаа програм хангамжийн салбарыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, энэ салбарт хүчин зүтгэж байгаагийн хувьд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтарч, хамтран ажиллах шаардлага чухал байна.

Та болон танай компани, ажилтнууд холбооны гишүүн болсноор шинэ мэдлэг олж авах, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, салбарын талаар өргөн мэдээлэлтэй байх, бие даан шийдэх боломжгүй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, менежмент маркетингийн үйл ажиллагаагаа сайжруулах, жинхэнэ утгаараа салбарынхаа нэгэн эд эс болж чадах болно.   

1. Сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангагдана     

Та өнөөдөр дотоод болон гадаадад програм хангамжийн чиглэлээр ямар шинэ үйл явдал тохиолдож, ямар технологи, урсгал, чиг хандлага давамгайлж, маргааш хаашаа явах талаар байнгын мэдээлэлтэй байж чадаж байна уу? Танай компаний гадаад харилцаа болон зах зээл, бизнесийн судалгааны хэлтсийн зардал хэр өндөр вэ? Таны болон танай компаний чадварын талаар хэрэглэгчид, бусад хүмүүс ямар мэдээлэлтэй байгаа бол? Эдгээр мэдээллийг бүх гишүүд хамтраад хэрэгжүүлбэл маш бага зардлаар, гэхдээ олонд танигдсан мэргэжлийн холбоогоороо дамжуулан хийвэл хамгийн оновчтой юм. Холбоо нь салбарынхаа, гишүүдийнхээ талаар бүх мэдээллийг өгч чаддаг HUB байна.

2. Төлөөлөлтэй болно

Холбоо нь гишүүдийнхээ үйл ажиллагаагаа явуулах бизнес, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийг сайжруулахын төлөө идэвхтэй ажиллана. Гишүүдийн нийтлэг эрх ашиг, санал хүсэлтийг биелүүлэхийн төлөө төр засаг, бизнес, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэднээс гарах шийвэр нь манай салбарт эерэг нөлөөлөл үзүүлдэг байлгахын төлөө ажиллана.

3. Гишүүдийн санд бүртгэгдэнэ

Дотоодын болон олон улсын худалдан авагч байгууллагууд, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх түнш хайж байгаа газрууд холбооны гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сангаас тохирох хамтрагчаа сонгох боломжоор хангагдана.

4. Халамжийн үйлчилгээ авна

Програм хангамжийн дийлэнх компаниуд борлуулалтын орлогоороо зардлаа нөхөөд өндөр ашигтай явж чадахгүй байгаа одоогийн нөхцөлд интернет, компьютер тоног төхөөрөмж, төрөл бүрийн сургалтууд нь аль болох хямд байх зайлшгүй шаардлага байгаа. Энэ асуудлыг төрийн болон бизнесийн байгууллагуудтай харилцан зөвшилцөж, гишүүддээ хөнгөлөлт үзүүлэх замаар бизнесийг нь дэмжихийн төлөө ажиллана. 

5. Салбарын судалгаагаар хангагдана

Таны бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ? Өндөр чадвартай програм зохиогчдоо ямар цалин өгвөл зах зээлийн дундажаас хоцрохгүй байх вэ?  Гэх зэрэг салбарын бодит, амин чухал судалгааны мэдээллээр хангагдах болно. Гэхдээ мэдээж, ямар төрлийн гишүүн гэдгээс хамааран судалгааны үр дүн тойм болон нарийвчилсан түвшингүүдтэй байна.

6. Веб сервисийн үйлчилгээ авна

Мэдээж, www.mosa.mn сайт нь салбарын талаар баялаг агуулга бүхий контент байх бөгөөд олон нийт, сонирхогчдод болон гишүүдэд зориулсан хэсгүүдтэй байна. Гишүүдийн хэсэгт  технологи, судалгаа, бизнесээ хөгжүүлэх талаар төрөл бүрийн загвар, жишээг агуулсан, туршлагатай гишүүдийн зөвлөмж, амжилтын түүх, багш судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодол тавигдана. Мөн гишүүд хоорондын туршлага солилцох, ажил санал болгох, эсвэл ямар нэг чиглэлээр ажиллах боломжоо танилцуулах, бүтээгдэхүүнийхээ мэдээллээр бусад гишүүдээ хангах зэргээр дэмжлэг үзүүлэх онлайн бирж ажиллана. Хэрэв та үйлчилгээнд бүртгүүлсэн бол энэ талаар e-mail  хүлээж авах үйлчилгээнд хамрагдана.

7. Маркетингийн нэгдсэн үйлчилгээнд хамрагдана

Гишүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нэгдсэн мэдээллийн санг үүсгэснээр дотоод болон гадаадын худалдан авагчид, зах зээл дээр нэгдсэн маркетинг хийх боломжид хамрагдана. Үндэсний мэргэжилтнүүд маань ийм ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чадвартай гэдэг талаар сурталчлах, таниулах, шаардлагатай нарийн мэдээлэл хүссэн тохиолдолд гишүүдтэйгээ холбох үйлчилгээ үзүүлнэ.

8. Стандарт хангасан байгууллага батламж авна

Гишүүн компаниудын хувьд холбооны гишүүн болсноор бий болох олон давуу талуудыг хүртэхээс гадна тодорхой нөхцөл шаардлагыг хангах шаардлагатай. Одоогийн төлөвлөж байгаагаар CMMI стандарын 2 дугаар түвшнийг хангасан байх зорилтыг тавьж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болохын тулд бид энэ шаардлагыг өөрсдийн гишүүн компаниудад тавин ажиллах бөгөөд стандартыг хэрэгжүүлэхийн тулд зөвлөх ажиллуулах, сургалт явуулах, тусалж дэмжих чиглэлээр холбоо чармайн ажиллана. Үүний үр дүнд энэхүү шаардлагыг хангасан компанийг холбооноос батламжилсан тохиолдолд дотоод гадаадын төсөл, тендерт оролцох, төрийн болон бизнесийн байгууллагуудад найдвартай мэргэжлийн компани гэдгийг нь батламжлах үндсэн шалгуур болох юм.

9. Бизнес сүлжээнд нэгдэнэ

Холбоо нь бусад салбарын холбоод болон төр засаг, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладагийн хувьд төрөл бүрийн уулзалт, семинар, арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд гишүүдээ хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж, бизнесийн хэлхээ холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлнэ.